Монгол улсын Ерөнхий сайд өөрийн цахим хаягаараа дамжуулан иргэд олон нийтэд хандан үг хэлжээ.
Тэрээр "Чөлөөт эдийн засаг гэдэг бол баян ядуугийн ялгаа өдрөөс өдөрт гүнзгийрч, Үндсэн хуулинд зааж өгсөн иргэдийн эрх тэгш байдал улам бүр гажуудахын нэр биш ээ. Зохицуулалтгүй зах зээл нь нийгэмд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, баялгийн шударга хуваарилалтыг алдагдуулдаг гэдгийг олон түмэн 30 жил харлаа.
Хойд Европ, ХБНГУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд бүгд төрийн зохицуулалттай, нийгмийн баримжаатай эдийн засгаар явж ирсэн. Тэр дундаа Швед, Финлянд, Норвеги зэрэг орнуудад баян хоосны ялгааг илтгэх жини коэффициент бага, хүн ардынх нь аз жаргалын индекс өндөр байдаг. Ер нь улс орнууд өөр өөрийн онцлогт тохирсон төрийн зохицуулалттай хөгжлийн замаар явж ирсэн нь харагдаж байна.
Зүүн төвийн үзэл баримтлалтай МАН-ын даргын хувьд би төрийн оролцоог байх ёстой гэж үздэг. Гэхдээ төрийн оролцоо гэдгийг төр бүхнийг хянадаг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж мушгиж болохгүй. Тухайн салбарт ноёрхож буй монополийг хязгаарлах, үгсэн хуйвалдсан шударга бус өрсөлдөөнийг арилгах, компаниуд эрх мэдлээ буруугаар ашиглахаас сэргийлэх, нийгмийн хариуцлагатай байх, нийгэм дэх эд баялаг, эрх мэдлийн шударга хуваарилалтыг бий болгохын төлөө төр оролцохыг би хэлж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулинд Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан байдаг. Би ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг Ерөнхий сайд байх болно" гэжээ.