Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр агаарын зам болон авто замаар нийт 20 мянга 408 иргэнийг татан авчээ. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гадаад руу 69 удаагийн нислэгийг 53 улс руу үйлдэж 13 мянга 951 иргэнийг татан авсан байна. Есдүгээр сарын хувьд 13 удаагийн нислэг төлөвлөөд байна. Тусгаарлах байрны боломж, нөөцтэй уялдуулан сарын сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг судалж байна. Асуудал тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлэл хүргэнэ. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 11 мянга 400 орчим иргэн байна.
Үүн дээр нэг зүйлийг тодотгоод хэлэхэд нэн шаардлагатай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тооны хувьд өндөр байгаа мэт боловч энэ сардаа яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо бүс нутгуудаар нь аваад үзвэл Европын болон Зүүн өмнөд Азийн бүсэд буурсан.
11 мянга 400 орчим иргэдийн дийлэнх хувь буюу 5000 орчим нь БНСУ-д байгаа. Тиймээс энэ сараас эхлээд БНСУ болон АНУ-д байгаа 2200 орчим иргэнийг эх оронд нь түлхүү авчрах чиглэлээр нислэгүүдийг төлөвлөж байгаа.
Энэ сард болон дараа, дараагийн сард хийх нислэгийг БНСУ болон АНУ-руу хийнэ. БНСУ-т байгаа иргэдийн хувьд удаа дараа хүсэлт гаргасан хүмүүсийн асуудлыг тэргүүн ээлжид шийднэ гэдгийг хэлмээр байна.
Нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна гадаад улсад суралцдаг, оршин суудаг, гадаад иргэнтэй гэр бүл болсон монгол иргэдийн асуудал ч яригдаж байна.
БНХАУ-д зорчих хүсэлтэй тус улсын иргэнтэй гэр бүл болсон 109 иргэний өргөдлийг хүлээж авч БНХАУ-ын талд хүргүүлсэн. Энэ асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдэхээр ажиллаж байна. Эхний ээлжид визний асуудал нь шат дараатай шийдэгдэж байгаа гэсэн таатай мэдээ ирсэн.
Япон улсад зорчих хүсэлтэй, сурч, ажиллаж амьдрах оршин суух зөвшөөрөл нь гарсан 250 орчим иргэн бий. Маргааш /2020.09.10/ ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 50 орчим иргэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад ажилладаг орос иргэдийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Урьдчилсан байдлаар 110 орчим иргэн Алтанбулаг боомтоор орж ирнэ. Мөн БНХАУ-д цөөн тооны монгол иргэдээс гадна монгол хүнтэй гэр бүл болсон хятад иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг ч ойрын хугацаанд шийдвэрлэнэ.