Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-ны сайд Н.Сарангэрэл өчигдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өгжээ. Энэхүү пресслэгч машинийг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалтуудыг явуулснаар хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэн тээвэрлэхэд томоохон ахиц гарахыг албаны хүмүүс онцолж байсан юм.
Тэгвэл энэхүү үр ашигтай гэх хуванцар хог хаягдлын пресслэгч машин нь тус бүр 14 сая төгрөгөөр урд хөршөөс орж ирсэн талаар мэдээлийн хэрэгсэлүүдээр гарч эхлээд байна. Харин энэхүү төхөөрөмж нь Хятадын худалдааны Alibaba болон Taobao гэх сайтуудаар 4500-6000 юаниар зарагдаж байгаа аж.
Энэхүү хуванцар сав, лааз пресслэгч машиныг 21 аймаг, 9 дүүрэгт тараан өгсөн бөгөөд энэ дүнгээр бодож үзвэл нийт 30 пресслэгч машиныг 420 сая төгрөгөөр оруулж ирсэн байх магадлалтай байна. Мөн цахим орчинд хувь хүмүүс энэхүү машиныг Эрээн хотоос 2 сая 499 төгрөгөөр оруулж ирэн байршуулж байсан тухайгаа бичиж эхлээд буй. Үүнтэй зэрэгцэн их хэмжээний мөнгийг сайд дарга нар идсэн байж болзошгүй гэх мэдээлэл ч тараад байгаа юм.
Тэгвэл энэ талаар БОАЖЯ-ны сайд Н.Сарангэрэл өөрийн нүүр хуудсандаа “Ажил дөнгөж тараад фейсбүүк хартал учиргүй гүтгэлэг яваад зарим нь бүр баясан хөөрч хөгжүүлжээ. Тийм, би өчигдөр 21 аймагт пресслэгч гардуулсан. Хог, хаягдал багасна, хэдэн хүн ажилтай болно гээд баяртай байгаа. Энэ оны 4-р сарын 27-нд тендер шалгаруулж, 22 пресслэгчийг жил хэрэглэх 22 тн төмөр утас, ажлын даалгаварт өгөгдсөн техникийн үзүүлэлтүүдийг хангасан, гааль, НӨАТ, тээвэрлэлт, суурилуулалт, гарын авлага гээд бүгдийг тооцсон иж бүрэн ажил хийгдсэн байна. Энэ тоног төхөөрөмж хүчин чадал, боодлын хэмжээ гээд олон янз байдаг аж. Ажил гүйцэтгэсэн компани шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тиймээс идэж уусан гээд байгаа нөхдүүд хууль хяналтын байгууллагад ханд. Миний мэргэжил нэгт нөхөд эх сурвалж, мэдээллээ нягтлаарай. Тендер 2020 оны 4-р сарын 27-нд явагдсан. Харин 2020 оны 7-р сарын 7-нд "2,4 саяын үнэтэй пресслэгчийг 14 саяар шахагч " Д.Сарангэрэл сайдаар томилогдсон байна” гэж мэдээлсэн юм.
Үүнээс үзвэл БОАЖЯ-ны сайдаар өмнө нь ажиллаж байсан Н.Цэрэнбат сайдтай холбоотой асуудал байж болох юм.
Эх сурвалж: Isee.mn