Сөүлийн талаас иргэнийхээ үхлийг Хойд Солонгостой хамтран мөрдөх санал тавьжээ

2020-09-28 08:27

Хойд Солонгосын /БНАСАУ/ усан хил орчимд нас барсан БНСУ-ын төрийн албан хаагчийн үхлийг мөрдөн шалгах ажиллагааг хоёр талын хамтарсан баг гарган зохион байгуулах саналыг Сөүлийн талаас гаргажээ. 

Учир нь Өмнөд Солонгосын /БНСУ/ Ёнпёндо арлын ойролцоо завьт эргүүл хийж явсан 47 настай эрэгтэй Хойд Солонгосын хилийн харуулуудад буудуулж нас барсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн баасан гарагт Өмнөд Солонгосын талаас уучлалт гуйсан нь ховорхон тохиолдол болсон юм.

Гэсэн ч Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам болох Ардын хүч намаас Ким Жон Уны уучлал хүссэн мэдэгдэл чин сэтгэлийнх биш хэмээн үзэж, энэ хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд гомдол гаргахыг шаардсан байна.

Өмнөд Солонгосын ард иргэдийн дунд төрийн албан хаагчийн үхэл ихээхэн маргаан дэгдээж, түүнийг Хойд Солонгосын цэргүүд хөнөөн, цогцсыг шатаасан гэсэн мэдээлэл тараад байсан юм. Гэсэн ч Ким Жон Уны уучлалт хүссэн захидалд дурьдсанаар, Хойд Солонгосын цэргүүд түүнийг буудаж хөнөөсөн нь үнэн боловч цогцсыг шатаагаагүй. Зөвхөн коронавирусийн халдвараас сэргийлэн завь, хантаазыг нь шатаасан гэж тайлбарлажээ. Харин цогцос нь далайн усанд урсан алга болсон гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: NBC news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх