АНУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог Флорида-Кийз дэх далайн усанд аварга загасанд хазуулсан нөхрөө жирэмсэн эмэгтэй ус руу шумбаж ороод аварчээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр түүний нөхөр 30 настай Эндрю Чарльз Эдди усанд шумбах гээд ус руу орсны дараа аварга загасанд хазуулсан байна.
Эхнэр Маргот Дьюкс-Эдди усан дотор аварга загасны сэрвээ болон нөхрийнх нь цус урссан байхыг хараад ямар ч эргэлзээгүй үсрэн оржээ. Түүнийг нөхрөө аварч уснаас гаргасны дараа хүмүүс 911 рүү залгасан байна.
Эндрю Чарльз Эддийг нисдэг тэргээр Майами дахь гэмтлийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүнийг мөрөндөө хүнд бэртэл авсан гэжээ. Аврах албаны ажилтан Райан Жонсон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "тэднийг ирэхэд Эддигийн биеийн байдал маш хүнд байсан" хэмээн ярьсан байна.
Эддигийн гэр бүлийнхэн Жоржиа мужаас Флоридад амрахаар ирээд байжээ. Хэрэг гарах үед олон хүн усанд шумбаж байв. Хожим нь гэрчүүдийн хэлснээр аварга загас 2-3 метрийн урттай харагдсан байна.
Аварга загасны халдлага дэлхий дахинд ховор тохиолдол хэдий ч Флорида муж халдлагын тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэнэ. Тухайлбал, Флоридагийн музейгээс мэдээлснээр 2019 онд аварга загас хүн рүү дайрсан 21 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: ВВС