Өмнөд Солонгос /БНСУ/-ын Гангвон мужийн Дунгхэ хотод оршин суудаг монголчууд мөнгөний асуудлаар хоорондоо маргалдан, нэгнийгээ зодож, хороосон хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
Тодруулбал, энэ сарын 21-н буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн 23:00 цагийн үед Монгол улсын иргэн 22 настай "А" болон 38 настай "Б" нар, хохирогч 48 настай "С"-тэй архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж байгаад "С"-г зодож, амь насыг нь хөнөөсөн байна.
Маргалдаж, иргэн С-ийн амь насыг хөнөөснийхөө дараа тэд унтсан бөгөөд маргааш нь тэдэнтэй хамт амьдардаг өөр нэгэн монгол иргэн "С"-г нас барсан болохыг нь илрүүлж, албаныханд мэдэгджээ.
Мөрдөн байцаалтын үр дүнд хохирогч "С" хамт амьдардаг байсан "А" болон "Б"-д зээлдүүлсэн мөнгөө авахыг хүсэхэд нь тэд уурлан, түүний биед халдсан болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас "А", "Б" нарыг энэ сарын 29-ний өдөр Прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дөрөв дэх монгол иргэнийг цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн байна.