Хөдөлмөрийн үндэсний намын нийслэлд нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн захирамжаа шүүгч 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр хүчингүй болгожээ. Ингэснээр ХҮН-ын 27 нэр дэвшигчид Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор боллоо.
"Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хамгаалах өнөөдрийг хүртэл хийсэн бидний тэмцэл амжилтад хүрч, Монгол Улсын ардчилал, хүний эрх, шударга ёс, эрхзүйт ёс, төрт ёсны хөгжилд бага боловч ахиц гарлаа. Монгол улсынхаа ардчилсан төрийн сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулах бидний тэмцлийг хамт дэмжиж ирсэн мянга мянган иргэд, 4-дөх засаглалын төлөөлөл шударга сэтгүүлчид, шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн хүн бүрт талархсанаа илэрхийлье.
Улаанбаатар хотын нийт иргэд ээ! Нийслэл хотоо өөд нь татах, хүнээ дээдэлсэн хот-Аюулгүй хотын төлөө Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоно уу” хэмээн ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Пүрэвсүрэнгийн Наранбаяр мэдэгдсэн байна.