БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллана

2020-10-08 09:55

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр /2020.10.07/ БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн-Нантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Цахим парламент” төслийн хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага УИХ-ын Тамгын газартай техникийн хамтын ажиллагааг олон жилийн турш хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Улсын Их Хурлаас батлан гарч буй хууль тогтоомж шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа шинжилгээнд тулгуурласан байх нь чухал бөгөөд үүнд Парламентын судалгааны хүрээлэн чухал үүрэгтэйг онцолж, цаашид тус хүрээлэнг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэргэдэх судалгааны нэгжтэй хамтран ажиллах, УИХ-ын Тамгын газрын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт, саналаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн-Нан УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлээд цаашид Тамгын газрын ажилтнуудыг сургалтад хамруулах, цахим парламентыг дэмжих, УИХ-ын номын санг цахим технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгсөн юм.

Ийнхүү талууд тодорхой санал, мэдээлэл солилцож, хамтран ажиллахад санал нэгдэхийн зэрэгцээ дараагийн уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдээ илүү тодорхой болгохоор тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх