Өчигдөр (2020.10.10) болсон цэргийн сүрт жагсаал дээр БНАСАУ-ын арми шинээр бүтээсэн тив хоорондын баллистик пуужин танилцуулжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар тус шинэ пуужин нь өмнө нь бүтээгдсэн энэ төрлийн пуужингуудаас хамгийн том нь болсон аж.
Шинэ бүтээгдсэн дөрвөн пуужинг 11 тэнхлэгтэй угсрагч, хөөргөгч машинууд дээр ачиж жагсаалд оролцуулсан байна. Эдгээр пуужингууд нь БНАСАУ-ын засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анхааруулж байсан шинэ зэвсгийн системийн нэг хэсэг байж магадгүй юм.
Пёньяны дээрх шинэ баллистик пуужингууд 2017 оны арваннэгдүгээр сард туршигдаж байсан "Хуасун-15" баллистик пуужингийн арай том хувилбар шиг харагдаж байна. 2017 онд болсон "Хуасун-15" пуужингийн туршилтыг ажигласан мэргэжилтнүүд дээрх пуужинг АНУ хүртэл нисэх чадвартай хэмээн үзэж, тухайн үедээ АНУ-ыг айдаст автуулж байсан билээ.
Пуужингийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй мэдээллийг Пёньян хараахан дэлгээгүй байгаа аж. Харин удирдагч Ким Жон Ун жагсаалын үеэр үг хэлэхдээ АНУ-ын тухай огт дурьдаагүй ч улсынхаа зэвсгийн чадварыг улам сайжруулна хэмээн ярьжээ.
Гэхдээ шинэ пуужин зарим хүмүүсийн хувьд тийм ч гайхмаар зүйл байсангүй. Учир нь жагсаалаас хэдэн өдрийн өмнө БНСУ-ын хэвлэлүүд баттай эх сурвалжуудын хэлснийг иш татан БНАСАУ-ыг шинэ баллистик пуужин танилцуулж магадгүй хэмээн мэдээлж байсан юм.
Пёньян мөн жагсаалд шумбагч онгоцноос хөөргөдөг Пуггүгсун-4А баллистик пуужингуудаа оролцуулсан байна. Эл пуужингуудыг өмнө нь туршиж байгаагүй ч ижил төрлийн Пуггүгсун-3 пуужинг өнгөрсөн оны аравдугаар сард туршсан нь дээрх пуужинг 450 орчим км зайнд нисэх чадвартайг баталсан гэнэ.
Эдгээрээс гадна сүрт жагсаалд шинэ агаарын хамгаалалт, шинэ танк гэх мэт техникүүд оролцжээ.
Эх сурвалж: RT