Улаан загалмайн нийгэмлэгээс гадаад иргэдийг хамруулсан 90% хөнгөлттэй шүдний эмчилгээний хөтөлбөр эхлүүлжээ

2021-01-06 11:33

Сөүл хотын Улаан загалмай нийгэмлэг 1 сарын 4-нөөс 6 сарын 30 хүртэл 90 хоногоос дээш визтэй гадаад иргэдэд 90% хөнгөлттэй шүдний эмчилгээний хөтөлбөр эхлүүлжээ.

Энэхүү хөтөлбөрт зөвхөн Солонгос улсад хууль ёсоор болон хууль бусаар амьдарч буй  хөдөлмөр эрхэлдэг гадаад иргэд, Солонгос иргэнтэй гэр бүл болсон иргэд зэрэг хамрагдах бөгөөд аяллын визтэй иргэд болон оюутнуудад хамаарахгүй гэнэ.

Бүрдүүлэх материалын хувьд гадаад паспорт болон цэнхэр иргэний үнэмлэх, оршин суух эрхийн бичиг (хил нэвтэрсэн бичиг, гадаад иргэнтэй гэр бүл болсон баталгаат хуудас), дансны хуулга (сүүлийн 6 сар), ажил эрхэлдэг нь үнэн баталгаат хуудас болон түрээсийн байрны гэрээ зэргийг бүрдүүлэх гэнэ.

Хууль бусаар оршин сууж буй иргэдийн хувьд дансны хуулга болон түрээсийн байрны гэрээ байхгүй тохиолдолд бусад материалаа бүрдүүлэн очиход болох бөгөөд ажил эрхэлсэн гэрээний хуудас заавал бүрдүүлэх ёстой ажээ.

Яг одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тохиолдолд хамгийн сүүлд ажиллаж байсан газраас цагийн ажлын болон хөдөлмөр эрхэлсэн баталгаат хуудас бөглүүлж авахад болох гэнэ.

Энэхүү хөтөлбөр нь Солонгос улсад хөдөлмөр эрхэлдэг гадаад иргэдийн хүрээнд зохиогдож байгаа тул заавал ажил эрхэлдэг болон ажил эрхэлснээ батлах хуудас хавсрах шаардлагатай юм байна.

Бүртгүүлэхийг хүссэн иргэд 02-2002-8681 утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 서울적십자 온드림 희망진료센터

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх