Ёуидо цэцэрлэгт хүрээлэн дахь 4000 ажилтны суулт "Хууль бус"

2021-06-16 15:35

Солонгос улсын өнцөг булан бүрт  томоохон жагсаал, цуглааныг хийж буй тэгбэ, шуудан хүргэгчдийн холбоонд цагдаагийн газраас хатуу арга хэмжээ авна гэдгээ 16-ны өдөр буюу өнөөдөр мэдэгдлээ.

Сөүл хотын цагдаагийн газар, өнөө өглөөний хэвлэлийн бага хурал дээр Ёуидо цэцэрлэгт хүрээлэн дэх шуудан хүргэгчдийн суулт, цуглааныг “Хууль бус цуглаан” хэмээн тодорхойлсон байна.

“Өнөө үед олуулаа нэг дор цугларах нь Засгийн газраас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг зөрчиж, ард иргэдийг эрсдэлд оруулах магадлалтай. Тиймээс  ард иргэдийг аюулд оруулж буй хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор хууль тогтоомж, зарчимын дагуу хорио цээрийн байгууллагуудтай хамтран хатуу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн байна.

Сөүл хотын захиргаанаас Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу цугларалтыг хориглох захиргааны тушаалыг тэгбэ, хүргэлтийн холбоонд хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар тэгбэ хүргэлт үйлчилгээний 4000 орчим үйлдвэрчний эвлэлийн гишүүд  Сөүл хотын Ёуидо цэцэрлэгт суулт зарласан бөгөөд ажилчдын хувьд ажлын цагийг багасгах, цалинг засгийн газраас шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж, хүнд хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэх тал дээр бодит үр дүнг хүсч буйгаа илэрхийлж байгаа юм.

Э.Нарангарав

Эх сурвалж: 중앙일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх