"Дэм дэмэндээ" солонгост гацсан монголчууддаа тусалья

2020-06-14 09:13

Ковид 19 цар тахлын улмаас эх орон руугаа явж чадахгүй гадаадад гацсан цөөнгүй Монголчууд байгаа билээ.

Богино хугацаагаар ажил амьдралаа төлөвлөөд ирсэн Монголчуудын хувьд маань энэхүү хилийн хориг ихээхэн хүндээр тусч байгаа билээ.

Зайлшгүй хурдан хугацаанд буцах шаардлагатай хүнд өвчтэй, жирэмсэн, хүүхэд, хөгшид гэх мэт хүмүүсийн ихэнхи нь одоо болтол буцах өдрөө хүлээн өдөр хоногийг хэцүүхэн туулж явааг харахад үнэхээр харамсалтай.

Монголчууд бид дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж ярьдаг. Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд болон ТББ-ууд нэгдэн тус улсад саатаад буй Монголчууддаа туслах “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аяныг эхлүүлээд байна.

Энэхүү сайн үйлсийн аяныг санаачлагчдын нэг БНСУ дахь Монгол иргэдийн холбооны тэргүүн Э.Ажираагаас дараах тодруулгыг авлаа.

Энэхүү аянг яагаад зохион байгуулах болов.

Бид өмнө нь Корона вирусын эхэн үед  Монгол улсын эрүүл мэндийн яаманд маск цуглуулан өгөх сайн дурын аянг хэрэгжүүлж хүлээлгэн өгсөн байдаг.

Анх хилийн хориг 2 сарын 25-нд тавигдахад энэхүү хоригийг ийм удаан хугацаанд үргэлжлэнэ гэж огт төсөөлөөгүй билээ. Тун удахгүй нээгдчих байх л гэж бодсон. Гэвч энэхүү хориг ингэж урт хугацаанд үргэлжилж нөхцөл байдал ингэж хүндэрч байгаад туйлын ихээр харамсаж байна.

Богино хугацаагаар эмчилгээгээр ирсэн Монголчууд маань таньж мэдэх хүнгүй улмаас орон байрны асуудал гарч байна, хэлний бэрхшээлийн улмаас ажил олж хийж чадахгүй байна зэрэг маш олон асуудлууд гарч байна л даа.

Энэ бүхнийг бид бүхэнд ил харагдаж байгаа учир энэхүү зовж ядарч буй иргэддээ Монголчууд маань нэгдэж тусалцгаая хэмээн энэхүү “Дэм дэмэндээ” аяныг эхлүүлж байна.

Дэм дэмэндээ аян хэдий хүртэлх хугацаанд үргэлжлэх вэ?

Тус аяныг бид бүхэн 3 үе шаттайгаар хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

Тус аяны үгэлжлэх хугацаа 2020 оны 6-р сарын 8-ний өдрөөс 2020 оны 6-р сарын 27 хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа.

Тус аяны хүрээнд цугласан хандивийн тусламжийг 2020.06.13, 2020.06.20, 2020.06.27-ний гэх 3 өдөр тус аянд хамрагдаж буй иргэдийн байрлаж буй газар нь очин хүргэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Яг одоо бид эхний ээлжийн тусламжаа эхний 20-оод хүнд аваачиж өгөхөөр гарахад бэлэн болоод байна.

Тусламж шаардлагатай хүмүүс хэрхэн холбогдох вэ?

Та энэхүү хорио цээрийн дэглэмээс болон хүнд хэцүү байдалд ороод байгаа бол Дэм дэмэндээ аян - Солонгост хэмээх фэйсбүүкийн групп нэгдэн бидэнтэй шууд холбогдоорой. Одоогийн байдлаар бидэнд хандаад байгаа иргэдийн тоо 59 болоод байна. Үүнээс 20-иод иргэнд эд материалын тусалж байгаа бол  үлдсэн иргэдэд  өөр төрлийн тусламж дэмжлэгийг үзүүлээд явна. Тэгээд тодруулж хэлэхэд манай тусламжийн аян нь зөвхөн эд материалын тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорьсонгүй ээ.  Бид бүхэн ярилцаад дараах 3 төрлийн тусламж үйлчилгээгээр иргэдэд тусалья хэмээн уриалж байна. Үүнд

  1. Мэдээллээр туслах (Ажлын болон хямд орон байрны зар хүргэх)
    2. Сэтгэлийн дэм өгөх (Утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх, орчуулга хийж өгөх гэх мэт)
    3. Эд материалын тусламж үзүүлэх (Хүнс, хэрэгцээт эд зүйлстэй богц өгөх)

Хандивт нэгдэхийг хүссэн иргэд байгууллагууд мөн энэ групп руу хандахад болох уу.

Тиймээ. Энэ группт нэгдээд орж мэдээлэл аван бидэнтэй холбогдоорой. Бидэнтэй нэгдсэн иргэд болон албан байгууллагуудыг бид дор бүр нь мэдээллээд явах болно.  

Та энэхүү аянд нэгдэхдээ заавал мөнгөн тусламжаар туслах албагүй бөгөөд таны ойр орчимд саатаад буй хэн нэгэндээ утсаар зөвлөгөө орчуулга хийж өгөх, ажлын байр, хямд орон сууц олоход нь тусалж дэмжээрэй гэж хүсэх байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх