ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙН АР ГЭРИЙНХЭН ТУС УЛСАД ХЭРХЭН ЗОРЧИХ ВЭ?
Монгол Солонгосын Засгийн газар хооронд байгуулсан Гадаадад ажиллах хүч илгээх санамж бичгийн хүрээнд 2004 оноос хойш өнөөг хүртэл Солонгос улсад 20 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллажээ.
2021 оны байдлаар нийт 5000 гаруй залуучууд гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна.
БНСУ хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэдийн ар гэрийнхний визний асуудалд нэгэн нааштай шийдвэр гаргаад байгаа юм.
Хөдөлмөрийн гэрээт ажилчдын хууль ёсны гэр болон үр хүүхэд тухайн улсад аяллын визээр зорчих нь нээлттэй болоод байна.
Энэ төрлийн аяллын виз хүсэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Анкет
- Цээж зураг
- Гадаад паспорт
- Дансны хуулга
- Зөвхөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (Е-9-1 ангилал) ажиллаж буй иргэний шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь сүүлийн 6 сарын шилжүүлэг хийсэн бичиг баримт болон дансны хуулга (Банкны гүйлгээний баримт эх хувь)
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэний гадаад иргэний үнэмлэхний хуулбар (Урд ба ард тал)
- Гэрлэлтийн лавлагаа
- Насанд хүрээгүй хүүхэд бол төрсний бүртгэлийн лавлагаа
Хөдөлмөрийн гэрээгээр Е-9 визээр БНСУ-д оршин сууж байгаа иргэний ар гэрийнхэн дээрх материалыг бүрдүүлэн аяллын 90 хоногийн виз авч Солонгос улсад зорчих боломжтой.
Э.Нарангарав
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв