"Токио 2020" зуны олимпын наадмын нээлтийг шууд дамжуулахдаа зарим улс орныг “доромжилж” хэвшмэл ойлголтоор тодорхойлсон гэх Өмнөд Солонгосын МВС телевизийн захирал Паг Сон Жэ, уучлалт гуйжээ.
Тодруулбал, наадмын нээлтийн ёслолд эх орноо төлөөлөн гарч ирж буй тамирчдын парадыг тайлбарлахдаа МВС телевиз улс бүрийн онцлогийг харуулахыг зорьсон байна. Ингэхдээ зарим орныг сөрөг талаас дүрсэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн юм.
Тухайлбал, Гайтигийн тамирчид гарч ирэхэд дэлгэцэн дээр “Ерөнхийлөгчийн аллага, улс төрийн “бүрхэг” нөхцөл байдал”, Сирийн тамирчдыг орж ирэхэд “Газар доорх баялаг, 10 жилийн турш үргэлжилж буй иргэний дайн” гэсэн бичиг гарч ирж байв. Үүгээр ч зогсохгүй Маршаллын арлуудыг “АНУ-ын цөмийн туршилтын талбай”, “Украиныг “дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн осол болсон Чернобылиор, Италийг пиццагаар, Румын улсыг Дракулагаар илэрхийлж тайлбарласан байна.
Гэвч нэвтрүүлэг цацагдсаны дараа олон нийтийн сүлжээнд хүчтэй шүүмжлэл дагуулж, Өмнөд Солонгосын иргэд “Хэрэв манай улсыг Севол гатлага/2014 онд болсон усан онгоцны осол/ онгоцны гамшигт орон гэж танилцуулсан бол ямар байх вэ” хэмээжээ.
Үүний дараа МВС “эфирт нэр гарсан холбогдох улс орнууд болон үзэгчдээсээ” албан ёсоор уучлалт гуйсан юм.
Телевизээс гаргасан мэдэгдэлд “Уг зураг тайлбаруудаар үзэгчдэд тухайн улс орны талаар хялбар, амар төсөөлөл өгөх зорилготой байсан ч алдаа гаргасан байна” гэжээ.
Ташрамд дурдахад, манай Монголын тамирчдыг Чингис хаанаар илэрхийлж тайлбарласан юм.