Гёнги мужийн Инчон хотын Гувол дүүргийн нэгэн 4 давхар байрны 0.5 давхарт амьдарч байсан Монгол айлд гал гарч хөрш айлтайгаа хамт шатжээ.
Гал 7 сарын 25-ны оройн 21 цаг орчимд гарсан бөгөөд гэрийн эзэн яаралтай арга хэмжээ авсны үр дүнд гал командийн багтай хамтарч 1 цагийн дотор галыг бүрэн унтрааж чадсан байна.
Азаар хүний амь эрсдэж, бэртэж гэмтэлгүй өнгөрчээ.
Гал гарах болсон шалтгаан нь гэртээ 108 лаа асааснаас болсон гэж үзэж байгаа бөгөөд гэрийн эзэн “Эмээ маань хэд хоногийн өмнө бурхан болоод, бид гэртээ 108 лаа асааж байсан юм. Нэг мэдэхэд л гал гарч, тэр дорхоноо дүрэлзээд явчихсан. Гэрт эхнэр 2 хүүхэд байсан болохоор гэрийнхэнийгээ гадаа гаргаад дараа нь уг байрны оршин суугчдыг дуудаж, бүгдийнх нь хаалгыг нүдэж гадаа гаргасан.
Тухайн үед угаар залгиж, утаанд удаан байснаас болж миний бие бага зэрэг өөрчлөлт гарсан ч одоо гайгүй байна. Байрны хохирлыг даатгалаас гаргахаар болсон ч хажуу айл болон, дээд айлууд эд материалын, сэтгэл санааны хохирлыг манай гэр бүлд тавьсан байгаа. Одоо бид 4 нэг найзындаа түр ирээд байж байна” гэж ярьлаа.
Э.Нарангарав