Дэлхий даяар цар тахал дэгдэж манай улс хилээ хаасны улмаас дараалсан чартер нислэгээр ирсэн олон иргэн эх орондоо ирэн тусгаарлагдаж байна. Одоогоор нийт 1500 гаруй иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд Засгийн газар энэ сард багтаан дахин зургаан нислэг хийн иргэдээ авчрахаар төлөвлөөд байгаа юм.
Энэ сарын 10-нд Казахстан улс руу үйлдсэн тусгай үүргийн нислэгээр 175 иргэн эх орондоо ирсэн. Тэднийг “Мичид” болон “Wenzhou” хэмээх зочид буудалд хувиарлан тусгаарласан ч “Wenzhou” буудалд байрлаж буй иргэдийн зүгээс тусгаарлах орчны орчин нөхцөл муу байгаа хэмээн бухимдалтай хандаж байгаа юм. Ингээд бид тус зочид буудалд тусгаарлагдаж буй иргэн С.Мартатай холбогдож нөхцөл байдлынх нь талаар тодрууллаа.
-АРХИ, ТАМХИНЫ ЭХҮҮН ҮНЭР, ТООС ШОРООТОЙ
БОХИР ӨРӨӨ ХҮЛЭЭЖ АВСАН-
-Сайн байна уу. Эх орондоо сайн явж ирэв үү. Гэр бүлтэйгээ хамт ирсэн үү?
-Сайн. Сайн байна уу. Миний хувьд долоон сартай жирэмсэн, нөхөр, хүүгийн хамт Казахстан улсын Нурсултан хотод 3 сар орчим хөл хорионд байж байгаад ирсэн. Хил нээж, иргэдээ авах мэдээг хоног тоолон хүлээн байж, маш сайн ариун цэвэр сахиж ирсэн.
-Ирэхэд ямар нөхцөл байдал угтсан бэ? Тусгаарлах байрны хувьд та нэлээн шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?
-Тийм ээ. Зургадугаар сарын 10-нд онгоцноос буугаад, нэлээн хүлээсний эцэст буудалдаа орсон. Биднийг ороход буудлын шалан дээр бөөлжөөд, тэр нь хатчихсан үнэхээр бохир орчин угтаж авсан. Үүдэндээ халуунаа үзүүлчихээд ортол 10 гаруй цаг нисэж ирсэн жирэмсэн,настай хүмүүст тохиромжгүй ус, янзага печень өгсөн. Түүгээр нь өл дараад л унтсан. Хамгийн таагүй нь өрөө үнэхээр бохир байсан. Шал, цонхны тоос, архи тамхины эхүүн үнэр гээд бага насны хүүхэд, жирэмсэн хүмүүст үнэхээр тохиромжгүй, уйлмаар орчин хүлээж авсан.Манай гэр бүл замдаа үнэхээр ядарч ирсэн ч тэсэлгүй арчиж, цэвэрлээд шалаа угаагаад унтсан.
-МЕНЮ ДЭЭРЭЭ БООРЦОГ, ЦАЙ ГЭЖ БИЧСЭН БАЙСАН Ч
ИРЭЭГҮЙ, ХООЛОО ОГТ ЦАГТАА ӨГДӨГГҮЙ-
-Хоол ундны тал дээр ямар байна вэ?
-Эхний өдөр дандаа царцсан, хөрсөн хоол өгч байсан. Гомдол хэлээд, ядаж хүүдээ гаднаас халуун, шим тэжээлтэй хоол авъя гэхэд урдаас чанар яриад байсан. Гэтэл энд чанарын шаардлага хангаж байгаа зүйл нэг ч алга. Өглөө гэхэд ямар ч амтгүй зутан өгсөн. Меню дээрээ нэмэлтээр боорцог, талх, цай гэж бичсэн байсан ч өгөөгүй. Дээрээс нь цагтаа ерөөсөө өгдөггүй. Тос ихтэй, амтгүй, хөрчихсөн , жирэмсэн хүн идэхэд цээж хорсоод, идэхгүй байх хэцүү, өлсөх хэцүү. Ийм л байдалд байна даа.
-Тусгаарлагдах иргэдийг 5 кг ачаатай л оруулж байгаа гэсэн. Хүнс авч орж чадаагүй юм уу?
-Долоо хоногийн дөрөв дэх өдөр л ганц удаа эргэлт оруулдаг. Эргэлтээр ирж байгаа гэрийнхэн гадаа маш удаан шалгуулж, оочерлож байж өгдөг юм байна лээ. Тэгээд гэрээс ирж байгаа хоол огт оруулахгүй байсан.
-Эмч, сувилагчид өдөр бүр орж ирж үзлэг, шинжилгээ хийдэг үү. Таны зүгээс албаны ажилчдад шаардлага тависан уу?
-Зургадугаар сарын 11-нд орж ирж халуун хэмжээд, шинжилгээ авсан. Эмч болон онцгой комиссын ажилчдад эхлээд хэлтэл “бид мэдэхгүй ээ” гээд тоогоогүй. Сүүлдээ уурлаад хэлтэл “юундаа уурлаад байгаа юм” гээд хаалга саваад гараад явчихсан. Дээрээс нь гаднаасаа түгжээтэй байдаг болохоор ахин шаардлага тавьж чадаагүй.
-ХААЛГА ЗӨВХӨН ГАДНААС Л ОНГОЙДОГ УЧИР ГЭНЭТИЙН
ШААРДЛАГА ГАРВАЛ ХҮН ДУУДАХ БОЛОМЖГҮЙ-
-Уурлаад гарсан хүн ямар хүн байсан юм бэ? Эмч юм уу? Бас өрөөг чинь гаднаас нь түгжчихдэг юм уу?
-Онцгой комиссын ажилтан байсан. Бүгд адилхан хувцас, амны хаалттай болохоор нэр ус, нүүр царайг нь харах боломжгүй юм байна лээ. Тийм ээ хаалга зөвхөн гаднаас л онгойдог. Гэнэтийн асуудал болоод дуудах, эсвэл бүр үхэж байсан ч сонсохгүй, ирэх ч үгүй. Нохойноос дор л байдалтай байна.
-Өрөөний хувьд бохироос гадна өөр ямар нэгэн хүндрэлтэй зүйл байгаа юу? Наад зах нь дулаахан байж чадаж байгаа юу?
-Нэг ортой өрөө. Маш хүйтэн. Хүү маань даараад нус нь гоожчих гээд ойр ойрхон хамрыг нь цэвэрлэж байгаа. Цонх битүү тор татчихсан, хүүхэдтэй, жирэмсэн хүмүүст агаар байхгүй хамар шархираад, тэгээд дотор бохир, тоостой учир найтаалгаад эндээ бараг өвчин тусахаар болсон.
-ӨРӨӨ МАШ ХҮЙТЭН УЧРААС ХҮҮ МААНЬ ДААРААД
НУС НЬ ГООЖИЖ ЭХЭЛСЭН-
-Хүү нь хэдэн настай вэ? Одоо ямаршуу байдалтай байна?
-Хоёр настай. Хүүгийн хувьд одоогоор мэдэж байгаа зүйл байхгүй хэдий ч өлсөөд ирэхээрээ хаалга зөөлөн тогшоод “хоол, хоол” гээд нөхөр бид хоёроос асуудаг. Ядаж байхад хуурай боорцог, элдэв зүйл иддэггүй учраас аргалж чадахгүй уйлуулах үедээ уйлуулаад, аргадах үедээ аргадаад л байж байна даа.
-Төлбөрийн хувьд ямар байдалтай байгаа вэ? Тусгаарлагдах байрны мөнгөө төлж амжаагүй байна уу?
-УОК-оос бүх төлбөрөө урьдчилж төл гээд бүгдийг нь төлчихсөн. Гэтэл ийм орчин, нөхцөлд байгаадаа үнэхээр их гомдолтой байна. Зарим тусгаарлагдаж буй хүмүүс боломжийн хоол хүнстэй цэвэрхэн газар байгаа гэсэн. Гэтэл маш олон жирэмсэн, өндөр настай хүмүүсийг ийм бохир хятад буудалд яагаад оруулж байгаа юм бэ. Одоо энд яаж 21 хоногийг өнгөрөөнө дөө гэж бодохоос үнэхээр хямарч байна.
-Казакстан-Нурсултан чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн шаардлага биелүүлээгүй, ажилчдад саад болсон. Бас дөрвөн хүн буудал руу орохгүй гэж эсэргүүцсэн мэдээлэл цацагдсан. Онгоц газардаад хүмүүсийг буулгахад яг юу болсон юм бэ?
-Нэг нэртэй дуучны гэр бүл нийт зургуулаа явж байсан. Хоёр нь туслах юм уу үйлчлэгч хүмүүс байсан. Тэд бүгд нэг өрөөнд орно, тус тусдаа байхгүй гээд хөдлөхгүй ард байгаа хүмүүсээ хүлээлгээд цаг авсан.
-Ярилцсан баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Өнгөрсөн долоо хоногт тус буудлаас коронавирусийн гурван тохиолдол илэрсэн. Харин ариутгал, халдваргүйжилтийн дэглэмийг зөрчин нэг удаагийн аяга, таваг ч хэрэглэхгүй байгаа тус буудалд коронавирусийн халдвар тархвал хэн хариуцлага хүлээх вэ? Гаднаас вирус тээгсэд хэмээн дахин гэмгүй иргэдээ буруутгах уу?
Монгол улсын иргэн бүр эх орондоо ирэх эрхтэй. Гэтэл тэднийг гадны улсаас вирус тээж ирэгсэд, хүмүүст ажил удаж ирчхээд чимээгүй байж чадахгүй хоол хүнсээ голлоо хэмээн нийтээрээ шүүмжилж байна. Тэд хувийн ариун цэвэр, хамгаалалт дэглэмээ бүх хүчээрээ сахиж, хоног тоолон хүлээн байж эх орондоо ирсэн жирийн нэгэн ээж, ахмадууд, нялх үрс. Гэтэл харийн нутгаас бүх зардал, мөнгөө гаргаж ирсэн тэднийг бохир буудлын тухгүй өрөө, хүйтэн хоолоор яагаад шийтгэнэ вэ?
Эх сурвалж: Isee.mn