Сөүл: Их Британид атомын цахилгаан станц барина

2022-05-03 17:38

Өмнөд Солонгос улс Их Британид шинэ үеийн атомын цахилгаан станц барихаар хэлэлцэж байна гэж өчигдөр /2022.05.02/ “The telegraph” хуудас мэдээллээ. Их Британийн Бизнес, эрчим хүч, эдийн засгийн өсөлт эрхэлсэн сайд Кваси Квартенг энэ асуудлаар Өмнөд Солонгосын төрийн өмчит эрчим хүчний корпорацитай уулзаж, яриа хэлэлцээ хийж байна.

Өмнөд Солонгос нь цөмийн эрчим хүчний үүсгүүрээрээ дэлхийд тавдугаарт ордог. Тодруулбал, 24 реактороор цахилгаан эрчим хүчээ хангадаг бөгөөд энэ нь дэлхий даяарх бичил чипний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нь маш том түлхэц болсон.

Цөмийн салбар нь засгийн газрын бодлогогүй байдлаас болж ихээхэн хохирол амссан ч шинээр сонгогдсон ерөнхийлөгч өөр зарчмаар ажиллахаа зарлажээ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон эрчим хүчний тусгаар байдлаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2050 он гэхэд найман шинэ цөмийн реактор барихаар төлөвлөж буй. Ингэснээр тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэгийг хангах боломжтой болно. Одоогоор Францын төрийн өмчит “EDF” компани нь Их Британид цөмийн шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цорын ганц хөгжүүлэгч юм.

Их Британийн жилд хэрэглэх цахилгаан эрчим хүчний 18 орчим хувийг цөмийн эрчим хүч хангадаг. Дахин шинэ станц барихгүй бол энэ тоо буурах бөгөөд 2028 он гэхэд хуучин цөмийн флотууд ихэнх нь хаагдах төлөвтэй байна.

Борис Жонсон болон Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч нар өнгөрсөн гуравдугаар сард утсаар ярихдаа дижитал харилцаа, аж үйлдвэр, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж харилцан тохирсон. Их Британи нь Өмнөд Солонгостой худалдааны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна.

Өмнөд Солонгосын хувьд 2018 онд Камбриа муж улсын Мурсайд хотын цөмийн станцыг аврах төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зорьж байсан. Энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэний дараа дахин цөмийн салбарт эргэн ирж, Их Британид төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээний шатандаа явж байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH, REUTERS

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх