БНСУ-д суралцахаар ирээд сургуулиа орхин хараар буюу визний зөвшөөрөлгүй оршин суух гадаад оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
2018 онд 1419 гадаад оюутан сургуулиа орхиж визний зөвшөөрөлгүй оршин сууж байсан бол 2019 онд 2833 оюутан, 2020 онд 4692 оюутан байсан байна.
Өнгөрсөн жилийн хувьд 1335 оюутан визний зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд Ковид19 цар тархалтын улмаас нутаг буцахад хүндрэлтэй зэрэг шалтгаан нөлөөлж байна хэмээн үзэж байгаа аж.
Визний зөвшөөрөлгүй оршин сууж буй гадаад оюутнуудыг улсаар нь авч үзвэл ВЬЕТНАМ улсын оюутнууд хамгийн их буюу 4531 оюутан (65.2%) эзэлж байна.
Түүний дараагаар Узбекистан 1001 оюутан (14.4%), Монгол 488 оюутан (7.0%), Хятад 292 оюутан (4.2%) байна.
Сургуулийн хувьд өнгөрсөн жил Гёнхи Их сургууль (경희대학교) хамгийн их буюу 712 гадаад оюутан сургуулиа орхиж хууль бусаар буюу визний зөвшөөрөлгүй оршин суух болсон бол Санмён Их Сургууль (상명대) 292 оюутан, Сэжун Их Сургууль (세종대) 244 оюутан, Юунин Их Сургууль (용인대) 238 оюутан тус тус байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스