Какао компаны гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэн өгчээ

2022-10-21 16:30

Өмнөд Солонгосын интернэтийн аварга байгууллага Kakao компанийн гүйцэтгэх захирлуудын нэг Вон Намкүүн албан тушаалаасаа огцорч байгааг өчигдөр зарлажээ.Тус компани улсдаа хамгийн том гар утасны чатын аппликэйшн болох KakaoTalk-ийг эзэмшдэг юм.

2010 онд зах зээлд анх нэвтэрсэн KakaoTalk одоо 47 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй нь 51.6 сая орчим хүн амтай Өмнөд Солонгост онцгой өндөр үзүүлэлт.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт SK C&C компанийн Сөүл хотын ойролцоо оршдог дата төвд гал гарснаас Kakao компанийн олон үйлчилгээ тасалдаж, Лхагва гарагт буюу өчигдөр ихэнх нь сэргэсэн юм.

Төлбөр тооцоо, такси дуудлага, ресторан захиалга зэрэг маш олон төрлийн үйлчилгээ KakaoTalk аппликэйшнээр дамждаг тул энэ тасалдал нь Өмнөд Солонгосын нийгэмд томоохон хямрал үүсгэжээ.

Гэнэтийн тасалдалд бэлтгэлгүй байсан, хариу арга хэмжээг удаан авсан зэрэг шүүмжлэл Kakao компани руу чиглэж, тус компанийн монополи статусыг олон нийт хөндөж эхэлсэн юм.

Нийт 500 гаруй жижиг бизнес эрхлэгчид орлогоо алдсан талаар гомдол гаргасныг Солонгосын Бичил Бизнесийн холбоо мэдээлжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл тасалдлын шалтгааныг мөрдөн шалгах, дахин ийм гэмтэл гаргахгүй байх төлөвлөгөө танилцуулахыг холбогдох албаныханд даалгасан байна.

Үйлчилгээ тасалдах эрсдэлийг багасгахын тулд ирэх хоёр жилийн хугацаанд өөрийн эзэмшлийн хоёр тусдаа дата төв ажиллуулж эхлэхээр төлөвлөж, 460 тэрбум воны ($325 сая) хөрөнгө оруулахаар болсноо Kakao компани мэдэгджээ.

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх