Энэ арваннэгдүгээр сарын 15-ны өдөр /2022.11.15/ дэлхийн хүн ам албан ёсоор найман тэрбумд хүрсэн тухай мэдээлсэн билээ.
Тодруулбал,Энэ өдөр дэлхийн найман тэрбум дахь хүнийг Филиппинд төрсөн гэсэн ч өөр олон оронд найман тэрбум дахь хүүхдийг тодруулж байна. Тухайлбал Австрали улс Канберрад төрсөн хүүг найман тэрбум дахь хүн хэмээн зарлажээ. Канберра Таймс сонинд мэдээлснээр, “Монголын иргэн Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын хүү Мэргэн нь дэлхийн найман тэрбум дахь иргэн” гэж мэдээлжээ.
Мөн Б.Ананд өөрийн цахим хуудаснаа, “Миний хүү НҮБ-ын тооцооллын дагуу дэлхийн хүн ам найман тэрбум хүрэх өдөр аав, ээждээ ирж, хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. Найман тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна. Миний хүү Австрали Улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч бидэнд хэлсэн” гэв.