БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 26 настай Монгол Улсын иргэн А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины жолооч 65 настай Б-г зодож улмаар автомашиныг нь хулгайлан мөргөлдүүлсэн хэрэг гарч, саяхан шүүхээр шийдвэрлэсэн талаар тус улсын хэвлэл мэдээлэв.
Тодруулбал, БНСУ-ын Инчонд өнгөрсөн оны наймдугаар сарын 07-ны өдрийн 01:30 цагийн орчимд Монгол Улсын иргэн А нь таксины жолооч Б-г түлхэж, биед нь халдсан байна. Б-д нуруу нугасны хугарал үүссэн тул 12 долоо хоног эмчилгээ хийлгэжээ. Мөн А нь Б-ийн автомашиныг хулгайлан жолоодож байх явцдаа 31 настай С-ийн "Аванте" маркийн автомашины урд хэсгийг мөргөж, зугтсан хэрэгт холбогджээ.
Монгол иргэн нь 2019 оны есдүгээр сард тус улсад хилээр нэвтэрч, тухайн оны арванхоёрдугаар сарын 22-нд визний хугацаа нь дуусаж түүнээс хойш хууль бусаар оршин сууж байсан гэх мэдээлэл байна.
Иймд тус улсын шүүхээс, “Монгол Улсын иргэн А нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогч С-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тохиролцсон, мөн Солонгост урьд өмнө нь ял, шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж 2 жилийн тэнэсэн харгалзах ял оноосон” гэлээ.
Эх сурвалж: news.mt.co.korea