Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхбат Жэжүд болсон Монгол соёлын тоглолт, хүлээн авалтын дараа орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр БНСУ-д баривчлагдаад байгаа.
Хэрэг үйлдсэн этгээд болон хохирогч хоёул монгол улсын иргэн байна. Гэхдээ хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тухайн газар нутгийн буюу тус улсын хуулиар зохицуулагддаг байна. Энэ талаар хуульчаас тодрууллаа.
“Хэдийгээр холбогдогч хоёр этгээд монгол улсын иргэн байсан ч тухайн хэрэг БНСУ-д үйлдэгдсэн учир тухайн улсын хуулиар шийдвэрлэнэ. Хэрэв яллагдсан тохиолдолд тухайн улсын “шоронд” ялаа эдлэх ёстой.
Гэхдээ хоёр улс хоорондоо гэмт хэрэгтэн харилцан солилцох гэрээтэй бол өөрийн улсад ял эдлэх боломжтой юм. Гэвч оногдсон ялын заалт өөрчлөгдөх ёсгүй. Зарим улсад ялын хэмжээг бууруулаад байдаг. Энэ нь буруу юм” хэмээн ярив.
БНСУ-ын хуульд дараах заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж байна.
297 дугаар зүйл /Хүчиндэх/
Хүчирхийлэл, айлгаж сүрдүүлсний улмаас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон этгээд гурваас доошгүй жил хорих ялаар шийтгэнэ.
298 дугаар зүйл /Албадан үйлдсэн зохисгүй үйлдэл/
Хүчирхийлэл, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн хүнийг арван жилээс илүүгүй хугацаагаар хорих, арван таван саяас дээшгүй мөнгөн дүнгээр торгох ял шийтгэнэ.
299 дүгээр зүйл /Албадан хүчингийн хэрэг, зохисгүй үйлдэл/
Эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсвэл бусдыг ухаан алдсан буюу эсэргүүцэх чадваргүй байдлыг далимдуулсан бол өмнөх хоёр зүйлд заасны дагуу шийтгэнэ.
301 дүгээр зүйл /Хүчингийн улмаас амь насаа алдах, гэмтэх/
297-300 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, улмаар амь насыг нь хохироосон, эсхүл бусдын биед гэмтэл учруулсан бол бүх насаар нь буюу таван жилээс доошгүй хугацаагаар хорих ял шийтгэнэ.