Сөүлийн Ганнам хотын нэгэн клубын эзэн А нарын гурван хүнийг өнгөрсөн оны хоёрдугаар сараас өнгөрсөн сар хүртэл үйлчлүүлэгчдэдээ кетамин болон бусад хар тамхи зарсан хэргээр баривчлан шалгаж байна.
Нэг шил нь 12 сая воны үнэ бүхий шампанск захиалвал байнгын үйлчлүүлэгч VIP болгон тусгай люкс зэрэглэлийн өрөөнд оруулан хар тамхи, мансууруулах бодисыг үнэ төлбөргүй нийлүүлж, борлуулдаг байсан нь илэрчээ.
Эдгээр VIP үйлчлүүлэгч нараас ийм аргаар олж авсан хар тамхиа бусдад дамжуулан зардаг байсан нь бас тогтоогдсон байна.
Мөн 16-ны өдөр Өмнөд Кёнги аймгийн Цагдаагийн газрын Хүчирхийллийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс Ганнам клубын ажилчид болон зочдын хооронд хар тамхи тараасан хэргийг шалгаж, 17 худалдагч, 40 худалдан авагч, хэрэглэгч зэрэг 57 хүнийг саатуулан, 10-ыг нь баримчлаад байна.
Тус ажиллагааны үеэр 651 грамм кетамин, 126 шахмал экстази зэрэг 180 сая воны үнэ бүхий хар тамхи, мансууруулах бодисыг хураан авчээ.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас энэ хэргийг оруулаад өнгөрсөн гурван сарын хугацаанд (гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд) хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулж, хар тамхины хэрэгт холбогдсон 3670 саатуулж, 909 хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэхүү хар тамхины сүлжээ нь:
△Хар веб хэмээх интернет сүлжээ ашиглан хар тамхи тараах
△Хар тамхи үйлдвэрлэх, хууль бусаар хил нэвтрүүлэх, түгээх зэрэг нарийн зохион байгуулалттай ажиллагаа явуулах
△Клуб, цэнгээний газруудаар дамжуулан хар тамхи худалдаалах
△Солонгост оршин суудаг гадаадын иргэдийн дунд хар тамхи тараах зэрэг дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.