Өмнөд Солонгосын агаарын хяналтын бүс рүү Хятад, Оросын цэргийн онгоцууд нэвтэрчээ

2023-12-15 11:58

СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /Yonhap/. Хятадын хоёр, Оросын дөрвөн цэргийн нисэх онгоц Өмнөд Солонгосын Зүүн тэнгис дэх агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүсэд /KADIZ/ урьдчилан мэдэгдэлгүйгээр нэвтэрсэн тул Өмнөд Солонгосын тал сөнөөгч онгоцуудаа угтуулан нисгэсэн тухай тус улсын арми мэдээлжээ.

 

Пүрэв гаргийн 11:53-12:10 цагийн хооронд Хятад, Оросын нисэх онгоцууд зүүн нутгийн Уллын арлын хойд талаас агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүсэд нэвтэрч, Докдо арлуудын зүүн талаар өнгөрч ниссэн гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны /JCS/ төлөөлөгч мэдэгдсэн байна. Онгоцууд Өмнөд Солонгосын агаарын орон зайг зөрчөөгүй гэдгийг мөн тэрбээр нэмж хэлжээ.

 

JCS-ийн мэдэгдсэнээр, Хятад, Оросын онгоцуудыг агаарын довтолгооны хяналтын бүсэд нэвтрэхээс өмнө илрүүлж, гэнэтийн нөхцөл байдлын эсрэг тактикийн арга хэмжээ авч, сөнөөгч онгоцуудыг амдан нисгэсэн байна. Агаарын довтолгоог илрүүлэх бүс нь агаарын орон зай биш боловч гэнэтийн мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаадын онгоцууд өөрсдийгөө таниулах бүс юм.

 

Өмнөд Солонгос цэргийн шууд холбооны шугамаар дамжуулан уг үйлдлийг эсэргүүцэж байгаагаа Хятадын талд илэрхийлсэн бол Оросын талтай ийм харилцаа холбооны шугам ашигладаггүй тул тус улсад эсэргүүцэл илэрхийлээгүй ажээ. Энэ оны зургаадугаар сард Хятад ба Оросын тус бүр дөрвөн сөнөөгч онгоц агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүсийн өмнөд ба зүүн хэсэг рүү нэвтэрсэн гэдгийг JCS мэдээлж байв.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх