Өмнөд Солонгосын хүн ам 2072 онд 36 саяд хүрч буурах тооцоо гарчээ

2023-12-15 11:59

Ирэх 50 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын хүн амын тоо одоогийн 51.7 саяас 36.2 сая хүрч буурах төсөөллийг тус улсын статистикийн төв байгууллага өчигдөр зарлажээ.

Ингэхдээ гурван хувилбараар тооцоолсны дундаж хувилбар нь энэ юм. Гэхдээ аль ч хувилбарт буурах тооцоо гарсан байна.

Хамгийн өөдрөг хувилбараар тооцоолоход тус улсын хүн ам 2072 онд 42.82 сая болж буурахаар гарчээ. Харин хамгийн муу хувилбараар тооцоолоход хүн амын тоо 30.1 саяд хүрэхээр байна.

Өөр нэг муу таамаг нь Өмнөд Солонгосын ажиллах насны бүлэг болох 15-64 насны иргэдийн нийт хүн амд эзлэх хувь өнгөрсөн онд 71.1 байсан бол 2072 онд 45.8 хувьд хүрэхээр тооцоолжээ.

70 ба түүнээс дээш насны иргэдийн тоо 2022 онд 5.92 сая байсан бол 50 жилийн дараа 14.7 сая хүрч, нийт хүн амын 40.7 хувьд хүрэх гэнэ.

Эсрэгээрээ 0-14 насны хүүхдийн хүн амд эзлэх хувь 2022 оны 11.5 хувиас 2072 онд 6.6 хувьд хүрэх тооцоо гарсан байна.

“Хүн амын тоог хүн амын ирээдүйн өөрчлөлтийн талаарх тодорхой таамагт үндэслэдэг. Гэхдээ бодит тоо нь эдийн засаг, нийгмийн орчин, засгийн газрын бодлого, нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлтөөс хамааран таамгаас өөр байж болно. Цаг хугацаа өнгөрөх тусам тодорхойгүй байдал улам нэмэгдэнэ” гэж статистикийн тайланд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Yonhap News

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх