Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн шүүх хурал өчигдөр /2024.07.20/ болж, Шүүхээс түүнд 4 жил 9 сарын хорих ял оноолоо. Уг хэрэгтэй холбогдуулан "Voice of America" буюу “Америкийн дуу хоолой” хэвлэл дараах нийтлэлийг гаргажээ.
Америкийн дуу хоолой хэвлэлд, "Хаалттай болсон шүүх хурлаар Наран овогтой Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, хувийн нууцыг задруулсан, төрийн нууцыг хууль бусаар олж авсан хэрэгт буруутгасан бөгөөд гэм буруутай гэдгээ үгүйсгэж буй Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноолоо.
Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг анх 2023 оны арванхоёрдугаар сард худал мэдээлэл тараасан, шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэргээр баривчилж байсан ч хоёрдугаар сард суллаж гэрийн хорионд оруулсан. Н.Өнөрцэцэг сэтгүүлч эрэн сурвалжлах, шүүмжилсэн нийтлэлээрээ Монголд танигдсан.
Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкинд зээлээ төлж чадаагүй компаниудын талаар болон Буддын шашны дотуур байранд гарсан бэлгийн хүчирхийлэл, цэргийн албанд гарсан хүчирхийллийн хэргийн талаар сурвалжилсан.
Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмнө нь ажилтай нь холбоотой хуулийн аюул заналхийлэлд өртөж байсан. Тодруулбал тэрбээр 2019 онд 12 удаа, 2020 онд дөрвөн удаа нэр төрд халдсан гомдолтой тулгарсан бөгөөд бүгд түүний мэдээлэлд дурдагдсан улстөрчдөөс ирүүлсэн гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдээллээ. Ийнхүү Монгол Улсад сэтгүүлчдийг гүтгэсэн хэргүүдийг ихэвчлэн сэтгүүлчдээс өшөө авах зорилгоор ашигладаг гэж хэвлэлийн эрх чөлөөний бүлэглэлүүд үзэж байгаа бөгөөд сэтгүүлч шоронд хоригдож буй эл хэрэг нь Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбарын хөгжил дэвшил ямар байгааг харуулж байна. Монгол Улс одоогоор RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д бичигдэж байгаа юм" гэжээ.