Залуус үндэсний хувцсаараа гоёж, сонгуульдаа идэвхтэй оролцож байна

2020-06-24 13:25

Өнөөдөр Монгол улсын хувьд түүхэн чухал өдөр тохиож байна. Учир нь өнөөдөр төрийн эрх дээд байгууллага болох Улсын Их Хурлаа эмхлэн байгуулах сонгууль явагдаж  буй бөгөөд  энэ удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл,  бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Бид Баянгол дүүргийн 26-р тойргийн тавдугаар 5-р хэсгийн хороон дээр очиж сонгуулийн үйл явцтай танилцлаа.

-БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 5-Р ХЭСГИЙН ХОРООНД НЭРСИЙН ЖАГСААЛТАНД БИЧИГДСЭН СОНГОГЧДЫН ТОО 1966 БАЙНА-

Баянгол дүүргийн 5-р хэсгийн хорооны сонгууль  51-р сургуульд үргэлжилж байна. Өглөөний цагаар ихэвчлэн ахмадууд саналаа өгч байгаа нь харагдаж байв. Бид Баянгол дүүргийн 26-р тойргийн тавдугаар 5-р хэсгийн ахлагч Д.Бүжиймаагаас сонгуулийн үйл явцын талаар тодрууллаа.

-Сайн байна уу. Баянгол дүүрэгт нийт саналаа өгөх иргэдийн тоо хэд байгаа вэ? 

-Баянгол дүүргийн 26-р тойргийн тавдугаар 5-р хэсгийн хороонд нэрсийн жагсаалтанд бичигдсэн сонгогчдын тоо 1966 байна. Түүнээс зөөврийн хайрцагаар гурван иргэн саналаа өгсөн байгаа. Хэсгийн хороо өглөө цагтаа бэлэн болж, үйл ажиллагаа жигд хэвийн явагдаж байна.

-Баянгол дүүрэгт нийт хэдэн нэр дэвшигч нэр дэвшиж байна вэ? Одоогоор сонгуулийн ирц хэдэн хувьтай явагдаж байна?

-Нийт  36 нэр дэвшигч байгаа. Түүнээс сонгогч гурван мандатаар саналаа өгнө. Одоогоор сонгуулийн ирц 8 хувьтай явагдаж байна.

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэр хангаж ажиллаж байна?

-Covid19-с сэргийлэх үйл ажиллагааг бүрэн хангаж ажиллаж байна. Эрүүл мэндийн ажилтан, онцгой байдлын ажилтан, цагдаагийн байгууллага гээд шаардлагатай бүх байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Танай хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн үйл ажиллагааг явуулж байна?

-Нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс иргэний бүртгэлийн хоёр ажилтан, техник мэдээллийн даамал нэг хүн, ажиглагч, зааварлагч гээд хүмүүс ажиллаж байна.

-ӨГЛӨӨНИЙ 09:30 МИНУТЫН БАЙДЛААР НИЙТ ХОЁР САНАЛЫН
ХУУДАС ХҮЧИНГҮЙ БОЛЖЭЭ-

Сонгуулийн үйл явцыг нийт арав гаруй ажиглагч хянаж байна. Одоогоор гарсан зөрчил байхгүй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд хоёр саналын хуудас хүчингүй болсон гэдгийг тэд онцолж байлаа. Ахмад настнуудад саналын хуудастай ажиллах заавар, зөвлөгөөг сайтар танилцуулж, хэлээгүйн улмаас буруу бөглөх, саналын хуудас хүчингүй болох зэрэг асуудал тулгарч байгаа харагдаж байлаа. Тиймээс ажилчид, зааварлагчид энэ асуудал анхаарч ажиллах шаардлагатай юм.

Иргэдийн зүгээс энэ удаагийн сонгуулийг хамгийн онцлогтой, заавал өгөх ёстой сонгууль гэж харж байна. Мөн идэвхтэй оролцож, саналаа заавал өгөхийг бусаддаа уриалж байсан юм.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх