Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга Улиастай сумын нутаг дэвсгэрээс орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан захирамж гаргасан байна.
Улиастай сумын нутаг дэвсгэрээс орох, гарах цэгүүдэд хяналтын пост ажиллуулан Онцгой байдлын алба, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагын албан хаагч, мэргэжилтнүүд замын хөдөлгөөний цэгүүдэд ажиллахаар болжээ.
Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралджээ. Шинжилгээг өчигдөр 15:00 цагт авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна.
Улиастай сумын иргэн 39 настай Д нь 7 хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн байна. Одоогоор халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлажээ.
Аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Нэгдүгээр хавьтлын 9 хүнийг Цагдаагийн байгууллага гэрийн тусгаарлалт, хяналтад авах
- Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах
- Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7-р сарын 25-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.
Завхан аймгийн 17 сум тарваган тахлын голомттой. Иймд ард иргэд олуулаа нэг дор цуглахгүй байх, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийг дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.