Эрдэнэс Тавантолгой компаниас 1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ээс иргэдэд олгож эхлэх тухай мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар нэг ч иргэний дансанд ногдол ашиг ороогүй байгаа юм.
-НОГДОЛ АШИГ ХЭЗЭЭ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРОХ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-
Эрдэнэс Тавантолгой болоод Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс дээрх асуудлыг Засгийн газар эцэслэн тайлбарлаж мэдээлэх ёстой гэсэн тайлбарыг өгч байна. Албаны хүний тайлбарлаж байгаагаар Эрдэнэс таван толгой компаниас 100 хувь мөнгөн дүн шилжиж ороогүй 34 хувь л орсон учраас нийт мөнгөн дүн орж ирэхээр шилжүүлнэ гэв. Харин Эрдэнэс Тавантолгой компани нэг сая иргэний мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн, эхний хүмүүст шилжүүлсний дараагаар дараагийн мөнгийг шилжүүлнэ гэж мэдэгджээ.
-ИРГЭД ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА-
Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 1.8 сая нь хувьцааны дансаа нээлгэсэн байна. Үлдсэн 700 орчим мянган хувьцаа эзэмшигч дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүсэх юм. Харин дансаа нээлгэж ногдол ашгаа авахад бэлэн болсон иргэд ихэд хүлээлттэй байгаа юм. Тэдний зарим нь өгөхгүй бол ядаж данс нээлгэсэн мөнгөө авахыг хүсэж байгаагаа хэлж байна.
-ТАВДУГААР САРЫН 1-НД ДАНС РУУ ШИЛЖҮҮЛНЭ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ ГЭВ-
Эрдэнэс Тавантолгой ХК Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэлэхдээ " Тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашиг хувиарлах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байгаа. Түүнээс биш энэ өдрөөс бүх хүний дансанд ногдол ашиг шилжүүлнэ гэж манай байгууллагаас мэдэгдээгүй" гэж тавдугаар сарын 11-нд хэвлэлийн хурал дээрээ мэдэгдсэн.
Энэ мэт холбогдох байгууллагууд асуудлыг бусадруугаа түлхэж байгаа нь хардлага төрүүлж байна. Их хэмжээний мөнгийг банкинд эргэлдүүлж байх ч магадлалтай юм. Данс нь баталгаажсан иргэдийн ногдол ашгийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: iSee.mn Үнэнийг мэдээлнэ