“Baby box”-ын хажууд нярай нас барсан байдалтай олджээ

2020-11-04 11:52

11 сарын 3-ны өглөө Сөүл хотын Гуанаг үүргийн нэгэн сүмийн үүдэн дэх “Baby box”-ны яг хажуухан талд дөнгөж төрсөн нярай нас барсан байдалтай олджээ.

Солонгос улсын хамгийн анхны “Baby box”-ыг санаачилж хэрэгжүүлсэн христын сүмийн гадаа 2-ны шөнө нэгэн эмэгтэй нярай хүүхдээ “Baby box”-ны ойролцоох цэнхэр саван дээр үлдээгээд явсан байжээ. Хяналтын камерт бууснаар эмэгтэй хүүхдээ улаан даавуунд боож үлдээгээд явсны дараа хүүхэд тэрхүү саван дээрээс унаж байгаа дүрс үлдсэн байна. Эмэгтэй хүүхдээ үлдээгээд явах үед хүүхэд амьд байсан хэмээн үзэж байгаа бөгөөд харанхуй байсан тул хажууд байгаа “Baby box”-ыг олж хараагүй байж магадгүй хэмээн цагдаагийн газраас шинжилж, тэрхүү камерт буусан эмэгтэйг хайх эрэлээ эхлүүлжээ.

Солонгос улсад ганц бие ээжүүд, хүсээгүй жирэмслэлт зэргээс үүдэлтэй хүүхэд өнчрүүлэх, үр хөндүүлэх, гадаа хаях зэрэг асуудал их байдагтай холбоотойгоор 2009 онд энэхүү Гуанаг дүүргийн сүм анхны “Baby box”-ыг бий болгожээ. Хэрвээ хүүхдээ өсгөх боломжгүй хүндхэн нөхцөлд байгаа бол хүүхдээ “Baby box”-д үлдээгээд хонх дарж дохио өгөөд явах боломжийг бүрдүүлсэн ба одоогийн байдлаар хэд хэдэн христын сүм болон буддагийн сүм энэхүү “Baby box”-ыг хэрэгжүүлж байгаа юм байна.

“Одоогийн байдлаар нийт 1800 орчин хүүхэд “Baby box”-аар дамжуулж хүлээж авсан ч яг хажууд нь үлдээгээд явснаар амь эрсдэсэн хүүхэд анх удаа болж байна. Бид үнэхээр харамсаж байна. Цаашдаа харанхуйд ч сайн харагдахаар, илүү нүдэнд туссан “Baby box” хийх шаардлагатай байна” хэмээн тэрхүү сүмийн номлогч ярьлаа.

Э.Нарангарав

Эх сурвалж: YTNnews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх