БНСУ-д өдөр өдрөөр Корона вирусийн халдвар авагчдийн тоо нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 230 хүнээс сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү 200 давсан тоо дөрөв дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн үед асрамжийн газар, метроны буудал, кофе шоп, цэргийн анги гэх мэтээс илэрсэнтэй холбоотойгоор энэ тоо эрс нэмэгдсэн гэж үзэж байгаа.
Халдварт өвчнөөс сэргийлэх албаас 11 сарын 19-ны 00 цагаас эхлэн төвийн бүсүүд Нийгмийн зай барих хөл хорионы 1.5 шатруу шилжих тухай өнөөдөр мэдэгдлээ.
Солонгос улсын ерөнхий сайд Чон Сэ Гюн, Гамшиг аюулгүй байдлын бодлогын хорооны хуралдаанд “ Бид Ковид-19 аюултай нүүр тулж байна. Ард иргэдийн ихэнх хувь нь оршин суудаг төвийн бүсүүдээр вирусны тархалт эрчимтэй ихсэж байгаа бөгөөд цаашдаа энэ хэвээрээ ихсэж, хөл хорионы чанга дэглэмд орвол ард иргэд болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маш хэцүү байдалд орох болно. Тиймээс одоо л энэ асуудлуудаа шийдэж, зөв шийдвэр гаргахгүй бол маш том аюул бидэнд тулгарна гэдгийг бид өмнөх туршлагуудаасаа мэднэ” хэмээн хэлжээ.
Халдарт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогын хорооны мэдээлэлснээр өнөөдөр бүртгэгдсэн нийт 230 иргэний 202 нь дотоодоос илэрсэн ба 28 нь гаднаас зөөвөрлөгсөн байна.
Бүс нутгаар авч үзвэл Сөүл-87, Кёнги-38, Инчон-12 гэх мэт төвийн бүсүүдээр 137 хүн бүртгэгдсэн ба хөдөө орон нутгаар хамгийн их тоон үзүүлэлтээр Куанжэ-18, Жоннам-16, Канвон-13, Чүннам-9, Кёнбуг-3, Кённам-3, Дэгү-3, Дэжон-1 байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: Chosun news