Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-д амьдарч буй Монгол иргэдэд дэмжлэг үзүүлэхийг БНСУ-ын сайдаас хүслээ

2020-12-24 16:08

12 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-тай онлайн цахим уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно хамтран ажиллаж, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлд харилцан дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахаар ярилцав.

Сайд Н.Энхтайван цар тахлын үед БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд бүх талын боломжтой дэмжлэг туслалцаа үзүүлэхийг солонгосын талаас хүсчээ.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаагаа нотлоод цаашид ч БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Мөн цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг талууд тэмдэглэж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Мөн Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд бид юу амжуулсныг дүгнэж, мөн ирэх 30 жилд Монгол, Солонгосын харилцааг ямар түвшинд хүргэхээр төсөөлж байгаа талаар санал бодлоо хуваалцав.

Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх