Тэгбэ хүргэлтийн үйлчилгээний ажилчид ачааллаа дийлэхгүйгээс болж ажлын байран дээрээ амь насаа алдах тохиолдлууд нилээдгүй гарсан.
Нэн ялангуй хүргэлт үйлчилгээний оргил үе болох цагаан сарын хүргэлтийн бараа одооноос эхлэн эрс нэмэгдэж эхэлжээ.
Үүнээс үүдэн хүн хүчний хомсдолоос болж ажилчид илүү цагаар ажиллах, амралт хангамжийн асуудал дутмаг зэрэг нөхцөл байдал үүсч хүндхэн байдалд ороод байгаа гэнэ.
Хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос 10 сард "Ажлын ачааллыг бууруулах бодлого" хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан ч одоо хүртэл хэрэгжүүлээгүй байна.
Тиймээс тэгбэ хүргэлт үйлчилгээний хөдөлмөр эрхлэгчид дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж "Ажлын ачааллыг бууруулах бодлого"-ыг хэрэгжүүлэхийг шаардан, хэрвээ яаралтай хэрэгжүүлэхгүй тохиолдолд өнөөдрөөс буюу 1 сарын 20-ноос эхлэн 48 цагийн дотор ажилчдын гарын үсэг цуглуулж баталгаажуулан 27-ны өдрөөс бүх ажилчид ажил хаялт зарлана хэмээн мэдэгджээ.
Хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс "Ялган ангилах ажилчдийн тоог яаралтай нэмэгдүүлэх, хүргэлтийн жолооч болон ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх, шөнийн хүргэлтийг зогсоох" зэрэг шаардлагыг тэгбэ хүргэлтийн байгууллагуудад тавьж байгаа гэнэ.
Тэгбэ хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын зүгээс " Нэн даруй шийдэх боломжгүй" гэсэн хариуг өгсөн байна.
Энэхүү хөдөлгөөнд CJДэхантунүн (CJ대한통운), Төв шуудангийн хүргэлт(우체국택배), Лотте хүргэлт (롯데택배), Ханжин хүргэлт (한진택배), Лужен хүргэлт (로젠택배) зэрэг хүргэлтийн 5 газрын нийт 5500 орчим ажилчид ажил хаялтын гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоо мэдэгдлээ.
Э.Нарангарав
Эх сурвалж:연합뉴스