Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс эх орондоо нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн тухай мэдээллийг гаргажээ.
Эх орондоо буцах хүсэлтэй Солонгос дахь манай иргэдийн өргөдлийг Улсын Онцгой Комисст тухай бүр хүргүүлж ирсэн. 2020 оны зургаадугаар сарын 8-ны даваа гарагийн 12.00 цагийн байдлаар Консулын хэлтэс нийт 2366 иргэний өргөдлийг хүлээн аваад байна.
Өргөдөл гаргасан эдгээр иргэдийн 218 буюу 9 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 531 буюу 23 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 113 буюу таван хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 197 буюу найман хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 67 буюу гурван хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 1240 буюу 52 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.
Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэн, мөн 70 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлээд байгаа аж.