Сөүл хот 10 дугаар сар хүртэлх "2021, зуны нэгдсэн бодлого" танилцууллаа

2021-05-13 13:16

Сөүл хот нь зун цаг ирж буйг тохиолдуулан энэ сарын 15-наас ирэх 10 сарын 15 хүртэл таван сарын хугацааны "2021, зуны нэгдсэн бодлого"-оор хэрэгжүүлэх ажлаа өнөөдөр танилцууллаа.

Энэ удаагийн бодлогын хүрээнд Эрүүл мэнд, их халуун, бороо, усны хамгаалалт, аюулгүй байдал гэсэн 4 төрөлд 25 гол чухал ажлыг хэрэгжүүлэхээр болжээ.

Эхний ээлжинд Ковид19-ын вакцинжуулалтыг хурдасгах зорилгын дор ирэх 10 дугаар сар хүртэл 18-аас дээш насны иргэдийн 70% буюу 6.060.000 иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Мөн зуны орой, үдшийн цагаар гадуур зугаалах, гадуур хооллох иргэдийн тоо нэмэгддэгтэй холбогдуулан олон нийтийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ариутгалын тал дээр хатуу анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Сөүл хот нь Корона вирусын тархалт "Хүнд" шатанд байгаа тул ард иргэдээ санаа зовохгүйгээр олон нийтийн тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэх аюулгүй орчинг бий болгохыг зорилгоо болгожээ.

Мөн цонх онгойлгон агаарыг сэлбэж, цэвэршүүлэх үүднээс "Сөүлийн цонхоо онгойлгоё" уриатай ажлыг зохион байгуулахаар болжээ.

Зуны их халууны үеэр ч цонхны 3-ны 1-ыг үргэлж онгорхой байлгах тал дээр анхаарч ажиллах гэнэ.

Мөн агааргүй жижиг байр оромжинд амьдардаг болон орон гэргүй гудамжинд амьдардаг иргэдийнхээ төлөө тэдгээр иргэдийн ашиглаж болохуйц "Сэрүүхэн амрах орчин"-г бүрдүүлэхээр болжээ.

Орон гэргүй хүмүүсийн хамгийн ихээр байдаг Сөүл метроны буудлын ойролцоо 13 сэрүүцэх газар болон Намдумүны ойролцоо 2 сэрүүцэн амрах газрыг бий болгох гэнэ.

Эдгээр сэрүүцэх газрын 11 нь орон гэргүй гудамжинд амьдардаг хүмүүсийн төлөө 24 цаг ашиглах боломжтой аж.

Мөн аадар, ширүүн борооны улмаас гол мөрөн үерлэх үед тохиолдох гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор голын эх үүсвэрийг хянах системийг хэрэгжүүлж, хамгаалтгүй бүсүүдээр "Голыг эргүүл" гаргаж ажиллуулан иргэдийнхээ амь насанд хохирол учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Сөүл хотын төлөвлөлт, зохицуулалтын газрын мэргэжилтэн Хуан Бу Ён "Ковид19 болон зуны их халуун, аадар бороо зэргээс ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахыг төлөө бүхий л чадлаараа зүтгэн ажиллах болно" гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 파인낸셜뉴스

 

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх