Солонгост төрсөн хүүхдэд иргэншил олгох тухай хуулийн хэлэлцүүлэг болж байна

2021-05-26 18:10

Өнөөдөр буюу 26-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яам "Иргэншил олгох хууль" хэрэгжүүлэх санаачлага гарган хэлэлцэж эхэллээ.

АНУ нь тус оронд төрсөн хүүхдэд иргэншил олгодог хууль хэрэгждэгтэй адил БНСУ нь өөрийн улсад төрсөн гадаад хүүхдүүдэд иргэншил олгох тухай санал гаргаж өнөөдөр 14 цагт хуульзүйн яамны youtube суваг дээр ард иргэдийн үзэл бодлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Энэхүү хууль нь Солонгос улсад төрсөн 6 хүртэлх насны гадаад хүүхдүүдэд Солонгос улсын иргэншил олгох, хүсвэл давхар иргэншил олгох бөгөөд 7 болон түүнээс дээш насны хүүхдүүдийн хувьд Солонгос улсад 5-аас дээш жил амьдарсан тохиолдолд иргэншил олгох тухай юм.

Сүүлийн жилүүдэд БНСУ-д тулгарч буй асуудлуудын нэг нь яахын аргагүй хүн амын асуудал бөгөөд, төрөлт буурч, хөгширөлт нэмэгдэж байгаа учир ирээдүйн залуу боловсон хүчинг бүрдүүлэхийн төлөө энэхүү хуулийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа хуульзүйн яамнаас мэдэгдлээ. 

Тус хууль хэрэгжих тал дээр ард иргэдийн санал бодлыг харгалзан үзнэ хэмээн мэдэгдэж, өнөөдрөөс эхлэн иргэдийн дунд санал асуулга явуулж эхэлжээ.

Гэвч ард иргэд энэхүү хуулийг ихээхэн эсэргүүцэж байгаа бөгөөд улс, үндэстний язгуур мөн чанар хэлбэлзэх аюулд хүрнэ гэсэн байр суурь хүчтэй байна.

Мөн улс орны хүн ам, төрөлт буурч байгаа асуудлыг яагаад гадаад иргэдээр шийдэх гээд байгаа юм гэсэн ард иргэдийн шүүмжлэл их байна.

Ард иргэдийн санал хураалтыг Төрийн цэнхэр ордны цахим хуудсан дээр 5 сарын 28 хүртэл хүлээж авах бөгөөд өнөөдрийн 18 цагийн байдлаар 209,936 хүн эсэргүүцжээ.

Ард иргэдийн санал, үзэл бодлыг president.go.kr орж үзэх боломжтой.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх