Япон улс, Солонгосын арлыг өөрийн газар нутаг мэт дүрсэлсэнд Солонгосчууд бухимдалтай байна

2021-06-03 16:47

Япон улс, Солонгосын Гёнбуг мужид байрлах Дугду арлыг өөрийн газар нутаг мэт дүрсэлсэнд Солонгосчууд бухимдаж, Токио олимп болон Японы засгийн газрыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

2021 оны зуны олимп 7 сарын 23-наас 8 сарын 8-ны хооронд Японы Токио хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа билээ.

Гэвч Токио олимпын пэйж хуудаснаа Солонгос улсын Дугду арлыг Японы арал мэтээр тэмдэглэн дүрсэлсэн нь Солонгосын ард түмний дургуйцлыг ихээр хүргэхийн зэрэгцээ Гёнбуг мужаас Олон улсын олимпийн хороонд тэрхүү мэдээллийг устгах захидлыг өнөөдөр хүргүүлжээ.

Тэрхүү захидалдаа “ Яахын аргагүй БНСУ-ын нутаг дэвсэр дээр байрлах Дугду арлыг Японы газар нутаг мэт тэмдэглэсэн бамбар дамжуулах газрын зургийг Токио олимпийн  албан ёсны пэйж хуудсан дээр байршуулсан байна. Япон улсад устгах хүсэлт удаа дараа илгээсэн ч татгалзаж байгаа тул манай ард иргэд ихэд бухимдалтай байна” гэжээ.

Мөн өнөөдөр буюу 6  сарын 3-ны өдөр Бусан дахь Японы консулын газрын өмнө оюутнууд гэнэтийн жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Тэдгээр оюутнууд “ Дугду арал Японы газар нутаг гэсэн Токио олимп болон Японы засгийн газрыг эсэргүүцэж байна” гэсэн бичигтэй уриа лоозон барин жагссан бөгөөд “Япон нь биднийг колончилож, охид эмэгтэйчүүдийг авч явсан өнгөрсөн түүхэндээ харамсахгүй, уучлалт гуйхгүй байгаагийн дээр Дугду арлыг хүртэл өөрсдийн газар нутаг гэж байна. Японы консулыг яаралтай хөөж гаргах хэрэгтэй” гэсэн үзэл бодлоо илэрхийлж байгаа аж.

Мөн 6 сарын 2-ны өдөр Тусгаар тогтнолын хаалганы өмнө залуус бухимдалаа илэрхийлэн " Дугду нь Японы газар нутаг гэсэн Токио олимп болон Японы засгийн газрыг маш ихээр зэвүүцэж байна” гэсэн утгатай бичгийг шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх