Өнөөдөр, Зуны XXXII олимпийн наадам Токио хотноо албан ёсоор нээлтээ хийнэ

2021-07-23 17:06

Энэ удаагийн зуны олимдийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх болно.

“Токио-2020” асар их саад бэрхшээлийг туулан гарч буй олимп гэдгээрээ түүхэнд бичигдэх нь гарцаагүй.

Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй байсан үе бий. Гэхдээ Япон Улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, ОУОХ-ны хүчин чармайлтын үр дүнд цар тахлын аюулыг сөрөн зогсож, олимпоо таслалгүй авч үлдэж чадлаа.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хэлсэнчлэн Токиогийн олимп дэлхий нийтэд цар тахлыг ялан дийлэх итгэл найдвар, урам зориг хайрлах нь гарцаагүй.

Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд өрсөлдөхөөр болсон, багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино, зарим тамирчин коронавирусийн улмаас эрх авах боломжоо алдсан ч түүхэн дэх хамгийн том багтай олимпийн тоонд багтсан гээд Монголын багтай холбоотой дээд амжилтууд олон бүртгэгдлээ.

Одоо тамирчид маань Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэхийг Монголын ард түмэн хүсэн ерөөж, дээлийн захыг нь мушгин сууна. Олон олон медальтнууд, олон олон баатрууд энэ олимпоос төрөн гарах болтугай.

Э.Нарангарав

Энх сурвалж: Монголын Үндэсний олимпийн хороо

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх