БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийг вакцинжуулалтад хамруулахад дэмжлэг хүслээ

2021-07-29 16:02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин өнгөрч тус улсын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "гуравдагч хөрш" БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ахиулах, цар тахлын нөхцөл байдал намжмагц дээд, өндөр түвшинд харилцан айлчлалын давтамжаа нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ түвшинд гаргахын төлөө байгаагаа илэрхийлж томоохон төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Мөн талууд “КОВИД-19” цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд нягт хамтын ажиллагаа нэн чухал байгаад санал нэгдэж, цар тахлыг даван туулахад чиглэсэн мэдлэг, туршлага, мэдээллээ хуваалцах тал дээр илүү нягт хамтран ажиллахаар ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх, цар тахалтай тэмцэх зэрэг чиглэлд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд иргэдийн солилцоог дэмжих чиглэлд цаашид ч нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

Мөн цар тахлын үед БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг вакцинжуулалтад хамруулахад БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг хүслээ.

Ерөнхий сайд Ким Бү Гём БНСУ-ын талаас дэвшүүлсэн Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга болон Шинэ Умардын бодлогыг Монголын Засгийн газар дэмжиж байгаад талархал илэрхийлээд цаашид бүс нутгийн болон хоёр талын халдвар хамгаалал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, зам тээвэр, эрчим хүч, логистикийн зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх