Монгол улсын виз олгох журмыг шинэчилжээ

2021-08-11 08:10

8 дугаар сарын 16- гаас эхлэн Монгол улсын виз олгох журам шинэчлэгдэхээр болжээ. 

Засгийн газраас Монгол улсын визний ангилалуудыг нэмж, төрөлжүүлэн 64 ангилалтай болгохоор болсон байна.

Өөрөөр хэлбэл дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн ангилах юм. 

Тухайлбал, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визний ангилалууд нэмэгджээ. 

Гадаад харилцааны яамнаас олгож байсан В буюу бизнес ангилалын 30 хүртэлх хоногийн виз нь К1 болон өөрчлөгдөж, тус ангилалын визийг гадаадын иргэн харъяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчлалын ангилалын виз К2 болж өөрчлөгдөн уг виз болон хил орчмын жуулчинд олгох 3 хүртэлх хоногийн визийг Монгол улсын хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицуулжээ. 

Үүнээс гадна Монгол улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжинд жуулчин /К2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино контент бүтээх /К4/ болон дамжин өнгөрөх /К6/ визний ангилалыг цахимаар авах боломжтой болжээ. 

Уг цахим визний мэдүүлгийг Гадаад иргэн, харъяатын газар https://evisa.mn/main  сайтаар хүлээн авч 3 хүртэлх хоногийн дотор шийдвэрлэх гэнэ.

  • Э.Нарангарав

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх