Сөүл хотын төвд болсон жагсаалд үхэртэйгээ оролцох гэж байгаад цагдаа нар хориглосон тул үхрээ замын хажууд орхин явсан эзнийг цагдаагийн газар шалгаж байна.
Сөүл хотын Намдэмүн хотын цагдаагийн газар малын эзэн болох 60 гаруй насны эрэгтэйг Амьтан хамгаалах тухай хууль зөрчсөн хэргээр шалгаж эхлээд байгаа талаар энэ сарын 12-ны өдөр мэдээлжээ.
Тухайн үед мэдээлэл ирсэний дагуу цагдаа нар “Вакцин хийлгэсний дараа үхэгсдийн тоо нэмэгдлээ, Коронагийн вакцинд олон нийтийг хамруулахаас татгалз ”, “Хулхины PCR шинжилгээг зогсоовол эерэг тохиолдол илрэхгүй” зэрэг бичигтэй лоозон зүүсэн хоёр үхрийг илрүүлсэн байна.
Кёнги мужийн Сувон хотод амьдардаг А нь өмнөх өдөр Жонну дүүргийн Инса-хороололд хорио цээрийн дэглэм тогтоохыг эсэргүүцсэн жагсаалд оролцохоор үдээс хойш 15 цагийн орчимд үхрүүдийн хамт цуглаан болох газрын ойролцоо ирсэн нь тэр байжээ.
А нь хоёр үхрийн хамт зам дагуу эгнэн явах явган жагсаалд үхрүүдийн хамт оролцохыг завдсан боловч гэнэтийн нөхцөл байдлаас үүсэхээс сэргийлж цагдаа нар тэднийг саатуулахад 17 цагийн үед Догсүгун ордны чулуун ханын зам дээр үхрүүдээ орхижээ.
Үхэрнүүд замын хажууд хоносон бөгөөд амьтны эрхийг хамгаалагчид асарч байсан гэнэ. Үхрийг одоогоор А-д буцаан хүлээлгэн өгсөн байна.
Нөгөөтэйгүүр, А нь Канвондо мужийн Чунчон хотод Леголанд барихыг эсэргүүцэх зэрэг янз бүрийн эсэргүүцлийн жагсаалд оролцохын тулд үхрүүдээ байнга авч явдаг тариачин гэдэг нь ил болжээ.
С.Номинчимэг
Эх сурвалж: JTBC NEWS