Өмнөд Солонгос нь дэлхийн хамгийн их нойрны асуудалтай улс орнуудын нэг төдийгүй амиа хорлох оролдлого, архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ дээгүүрт жагсдаг орон. Нойрны асуудлын гол шалтгаан нь тус улсын түүхэн замналтай салшгүй холбоотой тухай судлаачид сонирхолтой баримтуудыг дурджээ.
Солонгосчууд хэдхэн жилийн дотор технологийн хувьд дэлхийн хамгийн ядуу орноос хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чадсан. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улстай ижил төстэй замналаар хөгжсөн ч Өмнөд Солонгост бусад орон шиг байгалийн баялаг байгаагүй. Харин тэд хамтын хүчээр шаргуу хөдөлмөрлөж, өнөөгийн түвшинд хүрсэн ч сөрөг үр дүнд нь ард иргэд хэт ачаалалтай ажиллаж, стресстэн, нойрны дутагдалд ороход хүрчээ.
Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах "Dream Sleep" клиникийн нойрны асуудлаар мэргэшсэн сэтгэл мэдрэлийн эмч Жи-Хён Ли "Шөнөдөө 20 ширхэг нойрны эм уудаг үйлчлүүлэгчтэй ч уулзаж байсан" гэжээ.
"Хүн хэвтсэний дараа шууд унтах боломжгүй, гүн нойронд автахын тулд бага зэрэг хугацаа шаардагддаг. Гэхдээ солонгосчууд хурдхан шиг л унтахыг хүсдэг тул нойрны эм ихээр уудаг. Харин нойрны эм нь нөлөөлөхгүй үед согтууруулах ундаа давхар хэрэглэдэг бөгөөд аюултай нөхцөлд хүргэнэ гэдгийг сайн мэддэггүй. Бид улс орныхоо төлөө хангалттай хөдөлмөрлөсөн гэж бодож байна. Одоо харин өөрсдөдөө тайван байдлыг бий болгож амарч сурах хэрэгтэй” хэмээн Жи-Хён Ли эмч хэлжээ.
Нойрны эмд донтох нь Өмнөд Солонгос улсын хувьд үндэсний хэмжээний тахал болжээ. Албан бус статистикийн хүрээнд 100,000 гаруй солонгос иргэн нойрны эмд донтсон гэсэн харамсалтай тооцоо бий.
Тус улсад нойрны асуудалтай хүмүүст туслах чиглэлээр бүхэл бүтэн салбар хөгжсөн бөгөөд 2019 онд нойрны салбар 2.5 тэрбум доллароор үнэлэгджээ.
Эх сурвалж UB.LIFE