Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Нэтфликс компанийн гүйцэтгэх захирал Тэд Сарандос нар
Ойрын дөрвөн жилийн хугацаанд Өмнөд Солонгос улсад $2.5 тэрбумын хөрөнгө оруулах болсноо АНУ-ын Нэтфликс компани Даваа гарагт зарлажээ.
Энэ хөрөнгө оруулалт Солонгосын телевизийн цувралууд, кинонууд, шоунуудыг бүтээхэд зориулагдах юм.
АНУ-д төрийн айлчлалаар хүрэлцэн ирээд буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлтой өчигдөр Вашингтон хотод Нэтфликс компанийн гүйцэтгэх захирал Тэд Сарандос уулзсаны дараа дээрх төлөвлөгөөг зарласан байна.
“Бид Солонгосын контент үйлдвэрлэлийн салбарт их итгэж найддаг учраас уг шийдвэрийг гаргаж байна. Шилдэг бүтээлүүд дээр бид үргэлжлүүлэн ажиллах болно. Солонгосын бүтээлч экосистемтэй үүсгэсэн урт хугацааны түншлэлийг маань энэ хөрөнгө оруулалт улам бэхжүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж Сарандос уулзалтын дараа мэдэгджээ.
Нэтфликс компани 2016 оноос хойш Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн хугацааны нийт хөрөнгө оруулалтаас хоёр дахин их болж байна.
Сүүлийн жилүүдэд тус платформоор дамжин дэлхийн үзэгчдэд хүрсэн “Squid Game”, “The Glory”, “Physical 100” зэрэг Солонгосын контентууд маш их амжилт олсон юм.
Эх сурвалж: Yonhap News