Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд Буянт-Ухаагаас Сансарын тойрог хүртэл 18.1 км-ын урттай LRT буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Тус төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх талаар яригдаж байсан бол уг төсөлд "Солонгосын үндэсний төмөр замын корпораци" (Кореа Нэйшнл Рэйлвэй) хамтран ажиллах боломжтой гэдгээ саяхан илэрхийлжээ.
Тиймээс ч хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд уг төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа гэдгээ албаны хүмүүс тодотгож байгаа юм. "Солонгосын үндэсний төмөр зам корпораци" нь өөрийн улсын бусад томоохон компаниудтай хамтран Индонези зэрэг улсад LRT буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг амжилттай хэрэгжүүлж байсан аж.
Ташрамд сонирхуулахад,"Солонгосын үндэсний төмөр зам корпораци" нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дохиолол, холбооны систем суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн тус корпораци нь дэлхийн 23 орны 67 төмөр замын төсөл дээр ажилласан бөгөөд нийт 89,175,000 ам.долларын борлуулалт хийсэн туршлагатай ажээ.